96 дугаар зүйл. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд гомдол гаргах
96.1.Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж болон прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй.
96.2.Цагдаагийн байгууллага, цагдаагийн үйл ажиллагааны явцад иргэн, хуулийн этгээд эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хүсэлтээ гаргасан бол цагдаагийн байгууллага өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагааны талаар тогтоосон журмын дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй.
96.3.Иргэнийг баривчилсан, албадан саатуулсан, захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа үндэслэлгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдвол цагдаагийн байгууллага 10 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийх үүрэгтэй.
96.4.Хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн бол цагдаагийн байгууллага уучлал гуйх бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирлыг төр хариуцан арилгана. Хохирол барагдуулахад гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.