3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."нялх хүүхэд" гэж төрснөөс хойш нэг хүртэлх насны хүүхдийг;

3.1.2."балчир хүүхэд" гэж нэгээс гурав хүртэлх насны хүүхдийг;

3.1.3."нялх, балчир хүүхдийг хооллох зориулалтын бүтээгдэхүүн /цаашид "зориулалтын бүтээгдэхүүн" гэх/" гэж эхийн сүүнээс бусад энэ хуулийн 3.1.5-3.1.10-д заасан хоол, хүнсний бүтээгдэхүүн болон хооллох хэрэгслийг;

3.1.4."олон улсын хүнсний стандарт /цаашид "хүнсний стандарт" гэх/" гэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Хүнсний эрх зүйн хорооноос баталсан стандартыг;

3.1.5."хооллох хэрэгсэл" гэж нялх, балчир хүүхдийг хооллоход зориулсан угж, хөхөлт болон соруул, сорох хошуу, хөхөлт бүхий тагтай аяга, тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

3.1.6."нялхсын сүүн тэжээл" гэж зургаан сар хүртэлх насны хүүхдэд зориулж энэ хуулийн 3.1.4-т заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

3.1.7."сүүн тэжээл" гэж зургаан сартайгаас дээш насны хүүхдэд зориулж энэ хуулийн 3.1.4-т заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн амьтан, ургамлын гаралтай сүү, сүүн болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

3.1.8."нэмэгдэл хоол" гэж зургаан сартайгаас эхлэн хүүхдийн хөгжлийн үе шатанд тааруулан нэмэгдлээр өгөх хүнсийг;

3.1.9."нялх, балчир хүүхдийн эмчилгээний тусгай сүүн тэжээл" гэж энэ хуулийн 3.1.4-т заасан стандартын дагуу үйлдвэрлэсэн, өвчний улмаас эхийн сүүгээр хооллох боломжгүй хүүхдэд эмчилгээний зориулалтаар өгөх сүүн тэжээл болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

3.1.10."нялх, балчир хүүхдийн ундаа" гэж зургаан сартайгаас дээш насны хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн цай, ундаа болон тэдгээртэй адилтгах бүтээгдэхүүнийг;

3.1.11."эхийн сүүгээр дагнан хооллох" гэж зургаан сар хүртэлх насны хүүхдэд зөвхөн эхийн сүү өгөхийг.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.