5 дугаар зүйл. Зориулалтын бүтээгдэхүүний найрлагад тавих ерөнхий шаардлага

НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Зориулалтын бүтээгдэхүүний найрлагад тавих ерөнхий шаардлага

5.1.Зориулалтын бүтээгдэхүүний найрлага нь энэ хуулийн 3.1.4-т заасан стандартаас гадна дараахь ерөнхий шаардлагыг хангасан байна:

5.1.1.нялх, балчир хүүхдийн хүнсний найрлага, шимт бодисын мэдээллийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу сав, баглаа боодол, шошгод байршуулсан;

5.1.2.зориулалтын бүтээгдэхүүнд энэ хуулийн 3.1.4-т заасан стандартаар зөвшөөрсөн хоёр, түүнээс дээш хүнсний нэмэлтийг оруулсан бол шошго дээрх найрлагын жагсаалтад бичсэн;

5.1.3.хүүхдийн хүнсэнд агуулагдах бохирдуулагчийн хэмжээ нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.1.1-д заасан шаардлагыг хангасан;

5.1.4.хүүхдийн хүнс нь пестицид агуулаагүй.

5.2.Хүүхдийн хүнсний дээжинд даавар, антибиотик, пестицид, эмгэг төрөгч нян, хор болон бусад бохирдуулагчийн түвшинг итгэмжлэгдсэн лабораториор тогтоолгосон байна.

5.3.Зориулалтын бүтээгдэхүүн нь энэ хуулийн 3.1.4-т заасан стандарт болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангасан байна.

5.4.Зургаан сартайгаас гурав хүртэлх насны хүүхдийн хүнсний найрлагад зөгийн бал болон байгалийн гаралтай чихэр агуулсан байж болно.

5.5.Хүүхдийн хүнсэнд транс тос, хувиргасан амьд организмаас гаралтай түүхий эд ашиглахыг хориглоно.

5.6.Энэ хуулийн 3.1.6, 3.1.9-т заасан зориулалтын бүтээгдэхүүнээс бусад зургаан сар хүртэлх насны хүүхдэд зориулсан хүнсийг импортлох, худалдахыг хориглоно.

5.7.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж энэ хуулийн 3.1.9-т зааснаас бусад зориулалтын бүтээгдэхүүнийг хандив, тусламжаар авахыг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.