21 дугаар зүйл. Аутсорсингийн үйлчилгээ авах

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Аутсорсингийн үйлчилгээ авах

21.1.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд Монголбанкнаас тогтоосон нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд Монголбанкны зөвшөөрлөөр аутсорсингийн үйлчилгээ авна. Аутсорсингийн үйлчилгээ авах хүсэлт гаргахад Монголбанкнаас тогтоосон баримт бичиг, мэдээллийг ирүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

21.2.Монголбанк энэ хуулийн 21.1-д заасан хүсэлт, мэдээллийг хянаж, дараахь үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аутсорсингийн үйлчилгээ авах зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ:

21.2.1.оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн дотоод хяналт;

21.2.2.оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд энэ хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхэд тавих Монголбанкны хяналт;

21.2.3.хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдал.

21.3.Оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь онцгой ач холбогдол бүхий үйл ажиллагааны аутсорсингийн үйлчилгээ авах тохиолдолд Монголбанк дараахь шаардлагыг тавина:

21.3.1.аутсорсингийн үйлчилгээ авснаар удирдлагын үүрэг, хариуцлага шилжихгүй байх;

21.3.2.хэрэглэгчийн өмнө хүлээсэн төлбөрийн хэрэгсэл гаргагчийн үүрэг, хариуцлага, тэдгээрийн хоорондын харилцаанд нөлөөлөхгүй байх;

21.3.3.оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд энэ хуульд заасан шаардлагыг тогтмол хангаж ажиллах;

21.3.4.төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, төлбөрийн хэрэгсэл гаргах болон систем ажилуулах зөвшөөрөл олгосон үндэслэл, нөхцөлийг өөрчлөхгүй байх.

21.4.Доголдол, саатал нь оператор, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн нөхцөл, санхүүгийн үзүүлэлт, үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдалд тавигдах шалгуур үзүүлэлтэд үлэмж хэмжээгээр нөлөөлөхөөр бол тухайн үйл ажиллагааг онцгой ач холбогдол бүхий гэж тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.