35 дугаар зүйл. Цахим мөнгө, цахим мөнгө гаргагчид тавих шаардлага
35.1.Төлбөрийн хэрэгсэл гаргах зөвшөөрөл бүхий этгээд нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цахим мөнгө гаргана.
35.2.Цахим мөнгө дараахь шинжийг нэгэн зэрэг агуулсан байна:
35.2.1.мөнгөн дүн нь цахим хэлбэрээр хадгалагдсан;
35.2.2.мөнгөн хөрөнгөөр баталгаажсан;
35.2.3.цахим мөнгө гаргагч, түүний харилцагчаас бусад гуравдагч этгээд төлбөрт хүлээн зөвшөөрсөн;
35.2.4.цахим мөнгө нь мөнгөн хөрөнгөд, мөнгөн хөрөнгө нь цахим мөнгөнд чөлөөтэй хөрвөх.
35.3.Нэг цахим мөнгө нь нэг төгрөгтэй тэнцүү байна. Цахим мөнгөний доод нэгж нь нэг цахим мөнгө байна.
35.4.Хүсэлт гаргагч нь цахим мөнгө гаргах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл хүссэн бол энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагаас гадна дараахь нөхцөлийг хангасан байна:
35.4.1.цахим мөнгө нь зээлийн эх үүсвэр болохгүй;
35.4.2.цахим мөнгө гаргагч нь эргэлтэд оруулсан, буцаан татсан цахим мөнгөний дүнг санхүүгийн тайланд тусгах ба эдийн засаг дахь цахим мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ, эргэлтийн хурд зэрэгт хяналт тавьж, шинжилгээ хийхэд Монголбанканд шаардлагатай үнэн зөв мэдээллийг гаргаж өгнө;
35.4.3.клирингийн болон төлбөр тооцооны үйл ажиллагаа нь оролцогчийн төлбөр тооцооны системд төлбөр гүйцэтгэх даалгавар үүссэн даруй төлбөрийн эцэслэлт хийгдэх боломжтой байна;
35.4.4.хэрэглэгчийн анхны шаардлагаар цахим мөнгө болон төгрөгийг харилцан хөрвүүлэх үүрэг хүлээнэ.
35.4.5.Монголбанкнаас тогтоосон бусад нөхцөл, шаардлагыг хангана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
35.5.Цахим мөнгөнд хөрвүүлэх зорилгоор хүлээн авсан, эсхүл цахим мөнгөнд хөрвөсөн мөнгөн хөрөнгийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөд тооцохгүй.
ТӨЛБӨР ТООЦОО, ҮР ДҮНГИЙН ТООЦООЛОЛ, ТӨЛБӨРИЙН ЭЦЭСЛЭЛТ