10.10 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрчээр оролцуулж болохгүй тохиолдол
1.Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, түүнчлэн орчуулга хийж, хэлмэрчилж болохгүй бусад байдал илэрвэл орчуулагч, хэлмэрчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохгүй.
2.Оролцогч энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах хүсэлтийг прокурорт гаргаж болно.
3.Тухайн хэрэгт урьд нь орчуулагч, хэлмэрчээр оролцож байсан нь түүнийг татгалзан гаргах үндэслэл болохгүй.
4.Оролцогч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах тухай хүсэлтээ мөрдөгчид, мөрдөгч хүсэлтийг нь зөвшөөрөхгүй бол прокурорт гомдол гаргана.
5.Шүүх хуралдааны явцад орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.
6.Орчуулагч, хэлмэрчийг татгалзан гаргах үндэслэл байгаа боловч орчуулагч, хэлмэрч тухайн мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа оролцогч, прокурор, мөрдөгч зөвшөөрвөл энэ зүйлийг баримтлахгүй байж болно. Энэ үндэслэлээр хэлмэрч, орчуулагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу орчуулагч, хэлмэрч оролцсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг энэ хуульд заасан тэмдэглэлээс гадна дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.