10.7 дугаар зүйл. Прокурорыг татгалзан гаргах
1.Прокурорыг татгалзан гаргахтай холбоотой асуудлыг энэ хуулийн 10.1, 10.3 дугаар зүйлд заасан журмаар зохицуулна.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр прокурорыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг оролцогч гаргаж болно.
3.Шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг тухайн асуудлыг хянан шийдвэрлэж байгаа шүүх шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
4.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих явцад гаргасан прокурорыг татгалзан гаргах хүсэлтийг дээд шатны прокурор шийдвэрлэнэ.
5.Прокурорыг татгалзан гаргах талаар энэ хуульд заасан үндэслэл байгаа, эсхүл энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу прокурорыг татгалзан гаргах шийдвэр шүүх гаргасан бол дээд шатны прокурор нь өөр прокурорыг томилно.
6.Энэ зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргасан шийдвэр эцсийн байна.