11.11 дугаар зүйл. Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг
1.Хавтаст хэрэг нь хэрэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ.
2.Мөрдөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь оролцогч, бусад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдол, мэдээлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, бусад баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж, эсхүл төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу бүртгэж, хавтаст хэрэгт тусгаж, хавсаргана.
3.Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичгийг хавтаст хэрэгт шууд тусгана.
4.Овор хэмжээ, бусад шалтгааны улмаас хавтаст хэрэгт тусгах боломжгүй эд зүйл, баримт бичгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэмдэглэлд тусгана.
5.Хавтаст хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгчид, энэ хуульд заасан үндэслэлээр шилжүүлсэн, эсхүл татаж хянаж байгаа бол прокурорт, шүүхийн шатанд тухайн шүүхэд байна.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болно. Цаасан баримтыг шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын ажилтан хөрвүүлж, тоон гарын үсгээр баталгаажуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
ДУУДАН ИРҮҮЛЭХ, АЛБАДАН ИРҮҮЛЭХ, ЭРЭН СУРВАЛЖЛАХ