12.1 дугаар зүйл. Дуудан ирүүлэх
1.Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно. Мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.
2.Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулах зайлшгүй шаардлагатай бол прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.Шүүхийн шатанд оролцогч, бусад оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ.
4.Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаан дуусмагц гэрч, хохирогч, дүгнэлт гаргасан шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг шаардлагатай тохиолдолд шүүхийн дуудсан цагт ирэхийг сануулж, тэмдэглэлд тусгана.
5.Цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгчийг цагдан хорих байранд нь, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах байгууллагад дуудан ирүүлж мэдүүлэг авна.
6.Өсвөр насны яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан дуудан ирүүлнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.Гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч өөрөө сайн дураараа хүрэлцэн ирж мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн бол энэ зүйлд заасан журмыг баримтлахгүй байж болно.
8.Тухайн байгууллагын албан ёсны харилцаа, холбооны хэрэгсэл ашиглан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийг дуудаж болно.
9.Мөрдөгч нь хэргийн оролцогчийн хүсэлтээр төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, төрийн үйлчилгээний нэгдсэн системд иргэний үүсгэсэн, бүртгүүлсэн цахим шуудан, хаяг, харилцаа холбооны утасны дугаарыг ашиглан дуудаж, прокурорын мэдэгдэх хуудсыг хүргүүлж болно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./