12.3 дугаар зүйл. Албадан ирүүлэх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

12.3 дугаар зүйл. Албадан ирүүлэх

1.Гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай шийдвэр гаргана.

2.Гэрч, хохирогч, иргэний хариуцагч, дүгнэлт гаргасан шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

2.1.албадан ирүүлэх шийдвэр гаргасан шүүх, шүүгчийн нэр;

2.2.гэрч, хохирогч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг;

2.3.албадан ирүүлэх шийдвэрийн үндэслэл;

2.4.албадан ирүүлэх он, сар, өдөр;

2.5.албадан ирүүлэх ажиллагаа гүйцэтгэх байгууллагын нэр;

2.6.гарын үсэг, баталгаажуулсан тэмдэг.

3.Гэрч, хохирогч, иргэний хариуцагч, дүгнэлт гаргасан шинжээч, түүнчлэн яллагдагч, шүүгдэгч нь өөрөө хүрэлцэн ирвэл шүүхийн албадан ирүүлэх шийдвэрийг хэрэгжүүлэхгүй.

4.Шүүх хуралдаанд гэрч, хохирогч, иргэний хариуцагч, дүгнэлт гаргасан шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.

5.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу албадан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ.

6.Төрийн тусгай хамгаалалтад байгаа албан тушаалтан, хүн энэ зүйлд заасан албадан ирүүлэх шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.

7.Арван зургаан насанд хүрээгүй, хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй гэрч, хохирогчийг албадан ирүүлэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.