13.1 дугаар зүйл. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах шүүхийн шийдвэр гаргах үндэслэл

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13.1 дугаар зүйл. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах шүүхийн шийдвэр гаргах үндэслэл

1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчийн санал, гэрч, хохирогч, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн прокурор, шүүхийн шатанд прокурорын санал, гэрч, хохирогч, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүгч Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан дараахь аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх шийдвэр гаргана:

1.1.тодорхой үйлдлийг хязгаарлах;

1.2.биечилсэн хамгаалалтад авах;

1.3.мэдээллийн нууцлалыг хангах;

1.4.нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, холбооны хэрэгслээр хангах.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх хүрээнд прокурор, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн дараахь арга хэмжээг авах тухай шийдвэр гаргаж болно:

2.1.нийтэд мэдээлэх мэдээллээс гэрч, хохирогчийг танихад ашиглагдаж болох нэр, хаяг, ажлын газар, мэргэжил, бусад баримт мэдээ, мэдээллийг нууцлах, өөрчлөх, арилгах;

2.2.нэрийг нь нууцалсан гэрч, хохирогчийн талаархи мэдээ, мэдээллийг хайх, задруулахыг хориглох;

2.3.шүүхээс тогтоосон хугацаанд мэдээллийг задруулахыг хориглох;

2.4.гэрч, хохирогчийн нэрийг ил болгон танилцуулах хүртэл гэрч, хохирогчид зохиомол нэр өгч хамгаалах.

3.Тухайн хэргийг гэрчлэхтэй холбоотойгоор гэрч, хохирогч, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах бодит үндэслэл байгаа тухай прокурорын санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараахь нэмэлт арга хэмжээ авч болно:

3.1.гэрч, хохирогчийг шүүх хуралдааны танхимд байлцуулахгүйгээр харилцаа холбооны хэрэгсэл ашиглан шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах;

3.2.яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийг оролцуулж авсан гэрч, хохирогчийн мэдүүлгийн тэмдэглэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгтэй танилцах ажиллагааг гэрчийг байлцуулахгүйгээр хийх;

3.3.шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимд байгаа үед гэрч, хохирогч мэдүүлэг өгөхөөс татгалзсан, эсхүл түүнийг байлцуулах үед гэрч, хохирогч үнэнийг мэдүүлэхгүй байх нөхцөл байдал үүсч болохоор бол шүүх хуралдааны танхимаас шүүгдэгчийг түр гаргах.

4.Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан арга хэмжээг авахад яллах талд давуу байдал олгохгүй, эсхүл шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүй, талуудад мэтгэлцэх боломжийг тэгш хангана.

5.Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл хэсэгчилсэн байдлаар хаалттай явуулж болно.

6.Гэрч, хохирогчийг хамгаалах шийдвэрийг цуцлах тухай албан тушаалтны санал, гэрч, хохирогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл шүүх, прокурор гэрч, хохирогчийг хамгаалах тухай шийдвэрээ хүчингүй болгож, өөрчилж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.Шүүхээс гэмт хэргийг илрүүлэх, бусад яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг нотлох чиглэлээр мэдүүлэг өгч байгаа шүүгдэгч, эсхүл шинжээчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хамгаалах шийдвэр гаргаж болно.

8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай прокурор, болон хамгаалалтыг цуцлах тухай шүүхийн шийдвэрт гомдол гаргаж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

9.Гэрч, хохирогчийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор мөрдөгч өөрийн санаачилгаар, эсхүл гэрч, хохирогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл гэрч, хохирогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс бусад биеийн байцаалтыг мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгахгүйгээр тусад нь бичиж битүүмжлэн хавтаст хэрэгт хавсаргана.

10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан мэдээллийг шүүх хуралдааны явцад ил болгоно.

11.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын бусад арга хэмжээг энэ хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.