13.4 дугаар зүйл. Хамтран ажиллах этгээдээр тогтоолгох санал шүүхэд хүргүүлэх
1.Прокурор хамтран ажиллах тухай хүсэлт гаргасан хүний үйлдсэн гэмт хэрэг, илрүүлэхэд туслалцаа үзүүлэх гэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, гаргаж өгөх нотлох баримтын нотолгооны ач холбогдлыг шалгаж тогтоосон байна.
2.Прокурор хамтран ажиллах этгээдээр тогтоолгох саналаа шүүхэд хүргүүлэхээс өмнө тухайн хэргийн хохирогчийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авна.
3.Прокурор тухайн хүнийг хамтран ажиллах этгээдээр тогтоолгох саналыг битүүмжлэн шүүхэд хүргүүлнэ.
4.Шүүх энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан саналыг хүлээн аваад тусгайлан эрх олгогдсон шүүгчид даруй шилжүүлнэ.
5.Хамтран ажиллах этгээдээр тогтоолгох саналд дараахь зүйлийг тусгана:
5.1.саналыг хянан шийдвэрлэх шүүхийн нэр;
5.2.хамтран ажиллах хүний нэр;
5.3.тухайн хүн урьд нь ял шийтгүүлж байсан, яллагдагчаар татагдаж байсан гэмт хэргийн тухай;
5.4.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэмт хэргийн тухай;
5.5.ямар гэмт хэрэгт хамтран ажиллах гэж байгаа тухай;
5.6.хамтран ажиллах гэж байгаа гэмт хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөх баталгаа;
5.7.хамтран ажиллах гэж байгаа гэмт хэрэгт нотлох баримт гаргаж өгөх баталгаа.
6.Хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүн энэ зүйлийн 5.6, 5.7-д заасан баталгааг бичгээр гаргана.
7.Прокурор энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан санал болон энэ зүйлийн 5.6, 5.7-д заасан баталгааг өмгөөлөгчид мэдэгдэхгүй нууцлах хүсэлтийг шүүхэд гаргаж болно.
8.Шүүх энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл нууцлах тухай шийдвэр гаргаж болно.
9.Хамтран ажиллах этгээдэд болон түүний хамаарал бүхий хүмүүст энэ хуульд заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авна.