13.5 дугаар зүйл. Хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэг

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13.5 дугаар зүйл. Хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэг

1.Энэ хуулийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор шүүгч шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

2.Хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийг хаалттай явуулна.

3.Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гадна зайлшгүй шаардлагатай шүүхийн ажилтан болон шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаагийн албан хаагчаас бусад хүнийг оролцуулахгүй.

4.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүн, түүний хууль ёсны төлөөлөгчид өмгөөлөгч, прокурор асуулт тавьж болно.

5.Хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүнд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулна.

6.Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хамтран ажиллах этгээдээр тогтоолгох хүний гаргасан мэдэгдэл, тайлбарыг түүний эсрэг баримт болгон ашиглахыг хориглоно.

7.Шүүхийн хэлэлцүүлгээс тухайн хүнийг хамтран ажиллах этгээдээр тогтоох эсэх тухай шийдвэр гаргана.

8.Шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг тусгана:

8.1.хамтран ажиллах этгээдээр тогтоосон хүний үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулах Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хөнгөрүүлэх;

8.2.гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах этгээдтэй хамтран ажиллах нөхцөл;

8.3.хамтран ажиллах этгээдээр тогтоох шийдвэр хүчингүй болсноос үүсэх үр дагавар;

8.4.шүүхэд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, түүнчлэн бусад үр дагавар;

8.5.бусдаас санал болгож байгаа болзол, шаардлага, урамшуулал, төлбөрийг хүлээж авахгүй байж, энэ тухай болон тулгарсан бодит аюул заналхийллийг мөрдөгч, прокурорт тухай бүр мэдэгдэхийг хамтран ажиллах этгээдэд үүрэг болгох;

8.6.хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай шүүхийн шийдвэрт заагаагүй хамтран ажиллах этгээдийн үйлдсэн бусад гэмт хэрэг хамтран ажиллахад хамаарахгүй тухай;

8.7.шүүгчийн нэр, гарын үсэг.

9.Хамтран ажиллах этгээдээр тогтоох тухай шүүхийн шийдвэрийг прокурорт хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.