13.7 дугаар зүйл. Хамтран ажиллах этгээдээр тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

13.7 дугаар зүйл. Хамтран ажиллах этгээдээр тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох

1.Прокурор хамтран ажиллах этгээдээр тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох саналыг шүүхэд гаргаж болно.

2.Хамтран ажиллах этгээдээр тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох саналыг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлгийг хаалттай явуулна.

3.Дараахь нөхцөл байдал бий болсон нь хамтран ажиллах этгээдээр тогтоосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно:

3.1.хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг худал болох нь тогтоогдсон;

3.2.хамтран ажиллах этгээд мэдүүлэг өгөх үүргээ санаатай биелүүлээгүй;

3.3.гаргаж өгөхөөр тохиролцсон эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг гаргаж өгөөгүй;

3.4.хамтран ажиллах этгээд нас барсан, эсхүл эрх зүйн чадвар, чадамжгүй болсон.

4.Хамтран ажиллах этгээдээр тогтоосон шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 3.1, 3.2, 3.3-т заасныг үндэслэн хүчингүй болгосон тохиолдолд үйлдсэн гэмт хэрэгт нь болон Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шалгана.

5.Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулж эхэлсэн бол яллагдагчид энэ хуулийн 13.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг хамаарахгүй.

ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.