14.5 дугаар зүйл. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14.5 дугаар зүйл. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ

1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийг прокурор, мөрдөгч хяналт тавих байгууллагад даруй мэдэгдэнэ.

3.Шүүхийн шийдвэрт яллагдагчийн очих, оршин суух, ажиллах, зорчих газар, тодорхой хүнтэй уулзахгүй, харилцахгүй байхыг зааж, хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгана.

4.Шүүхийн шийдвэрт заасан бол хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь яллагдагчид хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавина.

5.Яллагдагчид энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих бол түүнийг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг урьдчилан танилцуулна.

6.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг зөрчсөнийг мэдсэн хүн, хуулийн этгээд тухайн таслан сэргийлэх арга хэмжээнд хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.