6.2 дугаар зүйл. Мөрдөгч

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6.2 дугаар зүйл. Мөрдөгч

1.Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна.

2.Мөрдөгч дараахь эрхтэй:

2.1.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх;

2.2.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал прокурорт гаргах;

2.3.энэ хуульд заасны дагуу сэжигтнийг баривчлах;

2.4.хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулах саналыг прокурорт гаргах;

2.5.прокурорын зөвшөөрөл авахаар хуульд зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, олж тогтоох мөрдөн шалгах ажиллагааг бие даан явуулах;

2.6.гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх;

2.7.шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох;

2.8.мөрдөгч авахаар хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, хүчингүй болгох, шүүх, прокурор авахаар хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, хүчингүй болгох, өөрчлөх тухай саналыг прокурорт гаргах;

2.9.сэжигтнийг баривчлах шүүхийн зөвшөөрөл авах тухай саналыг прокурорт гаргах;

2.10.оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх;

2.11.прокурорын даалгавраар мөрдөн шалгах ажиллагаа явуулах, даалгаврыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт саналаа бичгээр нэг удаа гаргах;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.12.хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл 5 хоногийн дотор дээд шатны прокурорт бичгээр санал гаргах;

2.13.прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичиж, гүйцэтгүүлэх;

2.14.өөр нутаг дэвсгэрт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрэн сурвалжлах шаардлага гарвал энэ тухай даалгаврыг бичгээр хүргүүлэх ба түүнийг хүлээн авсан мөрдөн шалгах байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамтаар ирүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.15.энэ хуульд заасан бусад эрх.

3.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлах, мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагаар хийлгэх шаардлага гарвал мөрдөгч энэ тухай саналаа прокурорт гаргана. Прокурорын даалгаврыг хүлээн авсан тухайн мөрдөн шалгах ажиллагааг явуулах байгууллага даалгаврыг заасан хугацаанд биелүүлж, хариуг цугларсан нотлох баримтын хамт прокурорт хүргүүлнэ.

4.Мөрдөгч гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох талаар энэ хуульд заасан ажиллагаа явуулна.

5.Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадлагаа гаргаж болно.

6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэх мөрдөгч нь шинжилгээ хийлгэхээр томилогдсон шинжээчтэй хамтран ажиллаж болно.

7.Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэж болно.

8.Энэ зүйлийн 2.14 дэх заалт нь энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага хооронд өгөх даалгаварт хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.