7.7 дугаар зүйл. Гомдол, хүсэлт гаргах
1.Баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч нь түүнийг баривчилсан, цагдан хорьсон нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, хууль бусаар баривчилсан, цагдан хорьсон бол суллуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй.
2.Яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж, хэлэлцүүлэхийг шаардах, энэ талаар гомдол гаргах эрхтэй.
3.Яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэй.
4.Бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцах, түүнд тайлбар өгөх эрхтэй.
5.Мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрхтэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах эрхтэй.