8.5 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэгч
1.Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.
2.Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.
3.Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.
4.Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
5.Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарна.
6.Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно.
7.Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно.
8.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй бол нэхэмжлэл гаргасан хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах, иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос үндэслэл бүхий шийдвэр гарган татгалзаж болох ба энэхүү шийдвэрт гомдол гаргах журмыг нэхэмжлэл гаргагчид тайлбарлана.
9.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шатанд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
10.Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
11.Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хавтаст хэрэгт хавсаргана.
12.Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг мөрдөгч, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүлээн авах ба энэ тухай тогтоол гаргана.
13.Шүүхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана.
14.Нэхэмжлэлээс татгалзсан нь хууль зөрчсөн, эсхүл аль нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзвэл мөрдөгч, прокурор, шүүх нь түүний хүсэлтийг хүлээн авахгүй байж болох ба энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.