3.4 дугаар зүйл. Торгох шийтгэл
1.Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/ нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.
4.Шүүх, эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогыг харгалзан торгох шийтгэлийг нэг жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна.
6.Хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээнд энэ зүйлийн 2 дахь хэсэг хамаарахгүй.
7.Энэ хуулийн тусгай ангид заасны дагуу торгох шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солино.
8.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана. Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлана. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.Энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага хооронд мэдээлэл солилцох журмыг Улсын ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./