9.2 дугаар зүйл. Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9.2 дугаар зүйл. Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

1.Шүүгч дараахь үндэслэлээр зөрчлийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ:

1.1.энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал;

1.2.энэ зүйлийн 1.1 дэх заалтад зааснаас бусад Эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай санал;

1.3.энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 10.2 дахь заалтад заасны дагуу прокурорын гаргасан дүгнэлт.

2.Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэнэ.

3.Энэ зүйлийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцоно. Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийг оролцуулж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зөрчил хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

5.Шүүгч нэмэлт нотлох баримт гаргуулах тухай талуудын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгаж болно.

6.Шүүгч зөрчлийг хянан шийдвэрлэж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

6.1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох;

6.2.шийтгэл оногдуулах;

6.3.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх.

7.Энэ хуулийн 9.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмаар шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авсан даруй шийдвэрлэнэ.

8.Шүүгч дараахь үндэслэлийн аль нэг байвал зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэл биелүүлэхийг 7 хүртэл хоногоор хойшлуулж болно:

8.1.гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас ар гэрт нь хор хөнөөл учирсан, эсхүл гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсан;

8.2.гэр бүлд нь болон суралцах, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой үүссэн асуудалд тухайн хүн биечлэн оролцох, эсхүл эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол.

9.Шүүгчийн шийтгэврийг уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10.Шүүгчийн шийтгэврийг уншиж сонсгосноос хойш ажлын 5 өдрийн дотор бичгээр үйлдэж, оролцогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид гардуулан өгнө.

11.Энэ зүйлийн 10 дахь хэсэгт заасан шүүхийн шийтгэврийг прокурорт даруй хүргүүлнэ.

12.Шүүгчийн шийтгэвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасны дагуу оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.

14.Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 10, 11, 12, 13 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4, 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, 39.12 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг тус тус баримтална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.