18 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа
18.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй:
18.1.1.энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил;
18.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6.2.3-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил;
18.1.3.энэ хуулийн 6.2.4, 6.2.5-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил;
18.1.4.энэ хуулийн 6.2.6-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил.
18.2.Төлбөр авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 18.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдвол хэтрүүлсэн хугацааг сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш 3 жилийн дотор нөхөн сэргээж болно.
18.3.Энэ хуулийн 18.2-т заасны дагуу хэтрүүлсэн хугацааг сэргээсэн тохиолдолд энэ тухай шийдвэр гарснаас хойш 6 сарын дотор гүйцэтгэх хуудас олгуулахаар шүүхэд хандана.
18.4.Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой, эсхүл төлбөр төлөгчид тодорхой хугацааны туршид давтамжтай төлбөр төлөх болон бусад үүрэг хүлээлгэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үүрэг хүлээлгэсэн бүхий л хугацааны туршид албадан гүйцэтгэж болно.
18.5.Төлбөр төлөгч энэ хуулийн 18.4-т заасан үүргээ гүйцэтгэвэл зохих сүүлийн хугацаанаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй.
18.6.Төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхээс зайлсхийсэн, оргон зайлсан хугацааг энэ хуулийн 18.1, 18.5-д заасан хугацаанд оруулан тооцохгүй. Энэ тохиолдолд энэ зүйлд заасан хугацааг төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг олж илрүүлснээс эхлэн шинээр тоолно.
18.7.Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан тохиолдолд энэ хуулийн 18.1, 18.5-д заасан хугацааг гүйцэтгэх баримт бичгийг буцааснаас эхлэн шинээр тоолно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./