22 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал
22.1.Төлбөр төлөгч-иргэнд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа, эсхүл түүний эд хөрөнгө буюу эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.
22.2.Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага болон түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.
22.3.Төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар нь мэдэгдэхгүй бол түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн, хэрэв төлбөр төлөгч болон түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэр тодорхойгүй бол тэдгээрийг тодорхой болох хүртэл төлбөр төлөгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.
22.4.Энэ хуулийн 22.3-т заасны дагуу явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн, эсхүл түүний эд хөрөнгийн байгаа газар тогтоогдсон тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулахааргүй бол анх хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэж болно.
22.5.Тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан үүргийг гүйцэтгэх нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.
22.6.Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг төлбөр төлөгч, төлбөр авагчийн аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэж болно.
22.7.Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн төлбөр төлөгчид холбогдох шийдвэрийг төлбөр авагчийн саналаар төлбөр төлөгчдийн аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.
22.8.Гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газартай холбоотой шийдвэрийг төлбөр авагчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл төлбөр төлөгчийн эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.
22.9.Тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийг харьяалах тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.
22.10.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн оршин суух хаяг өөрчлөгдсөн, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрт төлбөр төлөгчийн эд хөрөнгө байхгүй бол шийдвэр гүйцэтгэгч энэ талаар тэмдэглэл үйлдэж, ахлах шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр авагчид мэдэгдэх бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ажлын 3 өдрийн дотор харьяаллыг шийдвэрлэнэ.
22.11.Энэ хуулийн 22.10-т заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч түүнийг үл маргах журмаар гүйцэтгэнэ.
22.12.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 8.1-д заасан хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг үйлдсэн, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолтой нь тогтоогдсон бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно.
22.13.Энэ хуулийн 22.7, 24.1, 25.1, 25.3-т заасан тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тойргийн харьяалал харгалзахгүй явуулна.