62 дугаар зүйл. Төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах
62.1.Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно.
62.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно.
62.3.Төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулж, төлбөрийг зохих ёсоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх хүртэл хөрөнгө битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр хүчинтэй хэвээр байна.
62.4.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тайлбарлаж, хөрөнгө худалдан борлуулсны төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэх тухай сануулж, энэ тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулна.
62.5.Энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна.