63 дугаар зүйл. Хөрөнгийг албадан худалдан борлуулах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

63 дугаар зүйл. Хөрөнгийг албадан худалдан борлуулах

63.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна.

63.2.Төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авч улсын орлого болгох тухай шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан хөрөнгийг худалдан борлуулж олсон орлогыг улсын төсөвт шилжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хураагдсан хөрөнгийг худалдан борлуулахгүйгээр улсын өмчид шилжүүлэхээр төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.

63.3.Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодис зэрэг тусгай зөвшөөрлөөр олж авах эд зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох байгууллагад худалдаж, эсхүл шилжүүлнэ.

63.4.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй.

63.5.Үнэт цаас худалдах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулна.

63.6.Шилжүүлж болох вексель, бусад төлбөрийн хэрэгслийг худалдах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч уг төлбөрийн хэрэгслийг хураан авснаар гүйцэтгэнэ.

63.7.Үнэт цаасны албадан дуудлага худалдааг тухайн үнэт цаасны төлбөр, тооцоо, бүртгэл хариуцсан байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.