65.1.Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "дуудлага худалдаа" гэх/-гаар худалдан борлуулна.
65.2.Энэ хуульд заасны дагуу битүүмжилсэн үүрэг гүйцэтгүүлэгч-төлбөр төлөгч болон үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу үүссэн хөрөнгийн шинжтэй төлбөрийн үүргийг /шаардах эрх/ албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж болно.
65.3.Шийдвэр гүйцэтгэгч Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/-ийг худалдан борлуулахдаа үнэт цаас гаргагчид өрийн бичгийг буцаан худалдан авах санал гаргах, эсхүл гаргахгүйгээр хуульд заасан журмын дагуу тухайн өрийн бичгийн нэрлэсэн үнээс багагүй үнээр худалдан борлуулж болно.