66 дугаар зүйл. Хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах
66.1.Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна.
66.2.Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна.
66.3.Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.
66.4.Үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана.
66.5.Дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-д заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно.