75 дугаар зүйл. Хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулах
75.1.Дараахь тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааг хүчингүйд тооцож хоёр дахь дуудлага худалдааг явуулна:
75.1.1.дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн;
75.1.2.анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй;
75.1.3.дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй.
75.2.Анхны дуудлага худалдааг энэ хуулийн 75.1.3-т заасан үндэслэлээр хүчингүйд тооцсон бол дуудлага худалдааны үед анхны санал болгосон үнээс илүү санал гаргасан дараагийн этгээдэд санал болгоно.
75.3.Энэ хуулийн 75.2-т заасан этгээд санал болгосон хөрөнгөөс татгалзсан тохиолдолд хоёр дахь дуудлага худалдаанд санал болгох доод үнийг бууруулахгүй.
75.4.Үүрэг гүйцэтгүүлэгч-төлбөр төлөгч болон үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу үүссэн төлбөр төлөх үүргийг худалдан борлуулах хоёр дахь дуудлага худалдаа амжилтгүй болсон тохиолдолд төлбөр авагчид үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг хоёр дахь дуудлага худалдаанд санал болгосон доод үнийг 25 хувиар бууруулан тооцож төлбөрт суутган авахыг санал болгоно.
75.5.Энэ хуулийн 75.4-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээд гэрээ, хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ бүрэн хэмжээгээр гүйцэтгэх үүрэг хэвээр хадгалагдана.
ТӨЛБӨР ТӨЛӨГЧИЙН ХӨРӨНГӨӨС СУУТГАЛ ХИЙХ, ТӨЛБӨРИЙГ ТӨЛБӨР АВАГЧИД ШИЛЖҮҮЛЭХ