86 дугаар зүйл. Төлбөр төлөгч-иргэний мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгөөс төлбөр гаргуулах
86.1.Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна.
86.2.Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, эсхүл банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна.
86.3.Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлого нь банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд ордог бол энэ хуульд заасан төлбөрт суутгаж болохгүй орлогыг хасаж, бусад хэсгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ.
86.4.Төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөрийг гаргуулна.
86.5.Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна.
86.6.Энэ хуулийн 86.5-д заасан төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу битүүмжилнэ.
86.7.Төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана.
86.8.Төлбөр авагч нь төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээ бусад өмчлөгчид зах зээлийн үнээр худалдан борлуулах, бусад дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгч худалдан авахаас татгалзсан тохиолдолд албадан худалдан борлуулах, олсон орлогыг төлбөрт суутгуулан авах шаардлага гаргах эрхтэй.
86.9.Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөрт суутгаж болзошгүй хөрөнгийг нуун далдлах зорилгоор хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх бөгөөд төлбөр авагч Иргэний хуулийн 56.4-т заасны дагуу түүний үр дагаврыг арилгуулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй.
86.10.Төлбөр төлөгч өөрт нь өвлүүлсэн хөрөнгийг хүлээн авсны дараа түүнд холбогдох гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд шаардлагатай төлбөрийг уг хөрөнгөөс гаргуулж болно.
86.11.Төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт цаас, бэлэн мөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөрийг гаргуулж болно.