89 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал тооцох

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

89 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал тооцох

89.1.Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос гаргуулах төлбөрийн хувь хэмжээг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, бусад байдлыг харгалзан шийдвэр гүйцэтгэгч тогтооно.

89.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа, тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлнэ.

89.3.Хүн, хуулийн этгээд, албан тушаалтан шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авмагц төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос сар тутам хийх суутгалын хуваарь гаргаж, үүний дагуу суутгасан орлогыг суутгал хийсэн өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор мэдэгдэл олгосон шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.

89.4.Энэ хуулийн 89.3-т заасан шилжүүлгийн зардлыг төлбөр төлөгч хариуцна.

89.5.Төлбөр төлөгч ажлаас чөлөөлөгдсөн бол энэ хуулийн 89.2-т заасан мэдэгдэл хүлээн авагч 7 хоногийн дотор түүнээс төлбөрт суутгасан орлогын тооцоог гаргаж төлбөр төлөгч хаана, ямар ажилд шилжсэнийг мэдэгдэлд тэмдэглэж, мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчид буцаана.

89.6.Төлбөр төлөгч шилжиж очсон ажил, болон цалин хөлс, бусад орлого олдог газрын хаягийг шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх үүрэгтэй.

89.7.Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос дараахь тохиолдолд төлбөр гаргуулна:

89.7.1.тогтмол төлөгдөх төлбөрийг гаргуулах;

89.7.2.төлбөр төлөгч хөрөнгөгүй нь тогтоогдсон, эсхүл байгаа хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй.

89.8.Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос суутгал тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл болон татварт ногдох хэсгийг хассан үнийн дүнгээс тооцно.

89.9.Энэ хуулийн 89.7-д заасан орлогод ирээдүйд олгох цалин хөлс, бусад орлого нэгэн адил хамаарна.

89.10.Төлбөр төлөгч хэд хэдэн газраас цалин хөлс, бусад орлого, эсхүл эд хөрөнгөөр хөлс авдаг бол тэдгээрийг нийлүүлэн тооцно.

89.11.Цалин хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх хүлээн авахгүй.

89.12.Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлогоос нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалин хөлсний 50 хувиас хэтэрч болохгүй. Төлбөрийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх хүртэл суутгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.