13 дугаар зүйл. Бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх

13.1.Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын улсын төлөвлөгөөг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

13.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага халдварт өвчний онош батлагдсан даруйд бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу мал эмнэлгийн бүх шатны байгууллагыг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж, хяналт тавьж ажиллана.

13.3.Бэлэн байдлын төлөвлөгөөнд доор дурдсан арга хэмжээг тусгана:

13.3.1.удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, зарлан мэдээлэх;

13.3.2.санхүүжилтийн хэлбэр, санхүүгийн нөөц;

13.3.3.үзлэг, оношилгоо, тархвар зүйн судалгаа, дархлаажуулалт;

13.3.4.хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний хяналт, хорио цээр, хязгаарлалтын дэглэм;

13.3.5.устгал, нөхөн төлбөр, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл;

13.3.6.нийтэд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгаа.

13.4.Улсын бэлэн байдлын төлөвлөгөөнд тусгайлан заасан бол аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага, мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх бэлэн байдлын дэд төлөвлөгөөг батална.

13.5.Аймаг, сум, нийслэл, дүүргийн бэлэн байдлын дэд төлөвлөгөө боловсруулах аргачлалыг мал, амьтны эрүүл мэндийн болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.6.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх үед дайчлах зориулалт бүхий нөөцтэй байна.

13.7.Энэ хуулийн 13.6-д заасан нөөцөд яаралтай дуудлага, шуурхай үйлчилгээнд зарцуулах тусгай зориулалтын төсөв, тоноглол бүхий автомашин, эм, халдваргүйтгэлийн бодис, тоног төхөөрөмж, халдвар хамгааллын болон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл, шуурхай ажиллагаанд дайчлагдан ажиллах мэргэжлийн баг хамаарна.

13.8.Энэ хуулийн 13.6-д заасан нөөцийг бүрдүүлэх, зарцуулахдаа Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.9-д заасан журмыг баримтална.

13.9.Энэ хуулийн 28.1-д заасан хуулийн этгээд мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх өдөр тутмын бэлэн байдалд ажиллана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.