15 дугаар зүйл. Халдварт өвчнийг оношлох, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Халдварт өвчнийг оношлох, шуурхай хариу арга хэмжээ хэрэгжүүлэх

15.1.Мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, тодорхой бус шалтгаанаар мал, амьтан хорогдсон тохиолдолд малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч, үзэсгэлэн, худалдаа, уралдаан, тэмцээнд ирсэн мал, амьтныг хариуцаж байгаа болон үхсэн, өвчний сэжиг илэрсэн малд үзлэг хийсэн малын эмч, мал, амьтан бүхий сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагын удирдлага, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл мал эмнэлгийн тасагт 12 цагийн дотор мэдэгдэнэ.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл үүссэн үед малчин, амьтан маллагч дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

15.2.1.шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ойролцоо малчдад мэдэгдэх;

15.2.2.энэ хуулийн 9.8.2-т заасан үүрэг хүлээх;

15.2.3.өвчний сэжигтэй мал, амьтныг сүргээс тусгаарлахад зориулан хашаа, байр бэлтгэх, тусгаарлан маллах, арчлах;

15.2.4.малын эмчийн заавар, зөвлөмжийг биелүүлэх.

15.3.Дуудлага хүлээн авсан гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

15.3.1.өвчний сэжиг илэрсэн хот айл, эрчимжсэн аж ахуйн бүх малд нэн даруй эрүүл мэндийн үзлэг хийж, тархвар зүйн байдлыг тодорхойлж, өвчний эмнэл зүйн шинж тэмдэг болон түргэн оношлуурын дүнг үндэслэн анхны онош тогтоох;

15.3.2.халдварт өвчний сэжигтэй мал, амьтанд тусгайлсан тэмдэг тавьж хяналтад авах;

15.3.3.анхны оношийг баталгаажуулах зорилгоор зохих журам, зааврын дагуу сорьц авч 12 цагийн дотор мал эмнэлгийн тасагт хүргүүлэх;

15.3.4.өвчний тархалтын хүрээ нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх;

15.3.5.анхны онош болон хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мал эмнэлгийн тасагт нэн даруй мэдээлэх.

15.4.Халдварт өвчний анхны оношийн талаар мэдээлэл хүлээн авсан мал эмнэлгийн тасаг дараахь үйл ажиллагааг нэн даруй хэрэгжүүлж, сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад мэдээлнэ:

15.4.1.анхны оношийн талаархи мэдээллийг 2 цагийн дотор дамжуулах;

15.4.2.хорио цээр, хязгаарлалт тогтоох шаардлагатай халдварт өвчин гарсан нь анхны оношоор тогтоогдсон бол тухайн нутаг дэвсгэрт байгаа айл өрх, мал, амьтны талаар судалгаа хийж, энэ хуулийн 16.1.1-16.1.3-т заасан бүсийн зураглал гаргах;

15.4.3.анхны онош тогтоогдсон хот айл, эрчимжсэн аж ахуйн байршлын солбицлыг тогтоох.

15.5.Хорио цээр, хязгаарлалт тогтоох халдварт өвчний талаар мэдээлэл хүлээн авсан аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь үйл ажиллагааг нэн даруй хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.5.1.энэ хуулийн 17.2, 18.1, 18.3-т заасны дагуу дэглэм тогтоож, халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээг зохион байгуулах, хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, эсхүл хориглох;

15.5.2.энэ хуулийн 16.1.1-16.1.3-т заасан бүс дэх мал, гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтны байршил, нягтаршил, хөдөлгөөнийг тандах ажиллагааг зохион байгуулах.

15.5.3.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасны дагуу байгуулсан мэргэжлийн ангийг удирдлага, арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, тайлагнах. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.6.Халдварт өвчний анхны оношийн талаар мэдээлэл хүлээн авсан аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

15.6.1.халдварт өвчнийг оношлох, түүнтэй тэмцэх чиглэлээр сум, дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангах;

15.6.2.хорио цээр, хязгаарлалт тогтоох халдварт өвчний анхны оношийн талаархи мэдээллийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор харьяалах нутаг дэвсгэрийн холбогдох байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдээлэх;

15.6.3.мал эмнэлгийн тасаг хүсэлт гаргасан тохиолдолд мэргэжлийн баг томилон ажиллуулах;

15.6.4.гоц халдварт өвчин гарсан үед тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаархи өдөр тутмын мэдээллээр мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, бусад байгууллагыг хангах;

15.6.5.лабораторийн шинжилгээгээр халдварт өвчний анхны онош тогтоогдвол өвчний голомтыг устгах хариу арга хэмжээг холбогдох зааврын дагуу хэрэгжүүлэх.

15.7.Сорьц хүлээн авсан аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

15.7.1.хүлээн авсан сорьцыг шинжилгээний аргын стандартад заасан хугацаанд багтаан шинжлэх, эсхүл хүлээн авснаас хойш 24 цагийн дотор улсын мал эмнэлгийн лабораторид хүргүүлэх;

15.7.2.халдварт өвчний анхны оношийн талаар 2 цагийн дотор аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх.

15.8.Сорьц хүлээн авсан улсын мал эмнэлгийн лаборатори дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

15.8.1.сорьцод шинжилгээ хийж, дүгнэлтийг сорьц ирүүлсэн этгээд, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 2 цагийн дотор мэдээлэх;

15.8.2.энэ хуулийн 11.2-т заасан зааврын дагуу халдварт өвчний анхны онош тогтоогдсоноос хойш ажлын таван өдөрт багтаан олон улсын лавлагаа лабораторид сорьцыг илгээж, онош баталгаажуулах ажлыг зохион байгуулах;

15.8.3.аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лаборатори хүсэлт гаргасан тохиолдолд мэргэшсэн малын эмч томилон ажиллуулах.

15.9.Халдварт өвчний сэжиг илэрсэн, онош баталгаажсан тохиолдолд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

15.9.1.халдварт өвчнийг оношлох, түүнтэй тэмцэх чиглэлээр мал эмнэлгийн салбарын бүх шатны байгууллагын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангах, хяналт тавих;

15.9.2.гоц халдварт өвчний оношилгооны дүгнэлт, тархвар зүйн судалгаанд тулгуурлан тухайн өвчний голомтыг цомхотгох, устгах хариу арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх;

15.9.3.гоц халдварт өвчний анхны оношийг баталгаажсан тухай мэдээллийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор Улсын онцгой комисст хүргүүлж, нийтэд мэдээлэх.

15.10.Халдварт өвчний сэжиг илэрсэн, эсхүл онош баталгаажсан тухай мэдээлэл илгээсэн, хүлээн авсан иргэн, байгууллага, албан тушаалтан тухайн цаг хугацаа, огноог тодорхой бичиж тэмдэглэнэ.

15.11.Мал, амьтны гоц халдварт өвчнийг яаралтай мэдээлэх журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

15.12.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторид анхны онош тогтоох болон улсын мал эмнэлгийн лабораторид онош тогтоох мал, амьтны халдварт өвчний жагсаалтыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

15.13.Энэ хуулийн 28.2-т зааснаас бусад албан тушаалтан мал, амьтны гоц халдварт өвчний талаарх баталгаажаагүй мэдээллийг тараахыг хориглоно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.