17 дугаар зүйл. Хорио цээрийн дэглэм тогтоох, цуцлах

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Хорио цээрийн дэглэм тогтоох, цуцлах

17.1.Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалт, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.

17.2.Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад багтсан халдварт өвчин гарсан үед доор дурдсан албан тушаалтан голомтын бүсийн хилийн зааг болон хорио цээрийн дэглэмийг тогтоож, цуцална:

17.2.1.халдварт өвчний тархалт нэг сумын нутаг дэвсгэрийг хамарсан, эсхүл халдварт өвчний голомтыг нэгтгэх нөхцөл үүсээгүй бол мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн сумын Засаг дарга;

17.2.2.хоёр буюу түүнээс дээш сумын нутгийг хамарсан халдварт өвчний голомтыг нэгтгэх нөхцөл үүссэн бол аймгийн мал эмнэлгийн байгууллагын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга;

17.2.3.халдварт өвчний тархалт нийслэлийн нутаг дэвсгэрийг хамарсан бол харьяалах мал эмнэлгийн байгууллагын саналыг үндэслэн нийслэлийн Засаг дарга;

17.2.4.халдварт өвчний тархалт төмөр зам, олон улсын нисэх буудал, хилийн боомт, хилээр дамжин өнгөрүүлэх цэгийг хамарсан, эсхүл хоёр буюу түүнээс дээш аймгийн нутаг дэвсгэр дэх голомтыг нэгтгэх нөхцөл үүссэн бол мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар.

17.3.Эмнэлгийн яаралтай тусламж авахаас бусад тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоосон голомтын бүсээс гадагш гарах хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.