19.1.Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед ажиллах мэргэжлийн багийг малын эмчээр ахлуулан тухайн сум, нийслэлийн Засаг дарга томилно.
19.2.Мэргэжлийн баг дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
19.2.1.мал, амьтанд эмнэл зүйн үзлэг хийх, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээний сорьц авах, илгээх;
19.2.2.энэ хуулийн 16.1.4-т заасан бүсээс бусад бүсийн мэдрэмтгий мал, амьтныг дархлаажуулах;
19.2.3.өвчний ил шинж тэмдэгтэй болон лабораторийн шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн мал, амьтанд ялган тэмдэглэгээ хийж, малчдад заавар, зөвлөгөө өгөх;
19.2.4.энэ хуулийн 16.1.1-д заасан бүс дэх хашаа, хороо, уст цэг, малын тоног хэрэгслийг халдваргүйтгэх;
19.2.5.зайлшгүй шаардлагаар төхөөрсөн, устгасан мал, амьтны биологийн хаягдал, хүүр, сэг зэмийг устгах цэг тогтоох;
19.2.6.энэ хуулийн 19.3.2-т заасан шалган нэвтрүүлэх цэг, 19.2.5-д заасан устгалын цэгт хийгдсэн ариутгал, халдваргүйтгэлийн тайланг сум, дүүргийн Засаг дарга, мал, эмнэлгийн тасагт хүргүүлэх;
19.2.7.мал эмнэлгийн тасгийг халдварт өвчний цагийн байдлын талаархи мэдээллээр хангах.
19.3.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т заасны дагуу байгуулагдсан мэргэжлийн анги дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
19.3.1.энэ хуулийн 16.1.1-д заасан бүсийн хилийн зааг дээр таних тэмдэг байрлуулах, уг бүсийн хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглох;
19.3.2.энэ хуулийн 16.1.2, 16.1.3-т заасан бүсийн авто замын гол чиглэлд шалган нэвтрүүлэх цэг байгуулж, хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, хязгаарлах;
19.3.3.устгалын цэг байгуулах, хашаа, хамгаалалт барих, сэрэмжлүүлэх тэмдэг байрлуулах, энэ хуулийн 19.1-д заасан мэргэжлийн багийн ялган тэмдэглэсэн өвчтэй болон өвчний сэжигтэй мал, амьтныг эрх бүхий байгууллагаас баталсан зааврын дагуу устгах, эсхүл төхөөрөх;
19.3.4.энэ хуулийн 16.1.1-д заасан бүсэд оруулах хүнс, бараа, бусад зүйлийг тогтоосон цэгт тусгайлан бэлтгэсэн талбай /тавцан/-д буулгаж, сэлгүүлэн хүргүүлэх хэлбэрээр зохион байгуулах.