21 дугаар зүйл. Мал, амьтны шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээ

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Мал, амьтны шимэгчтэх өвчинтэй тэмцэх арга хэмжээ

21.1.Мал эмнэлгийн тасаг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй хамтран энэ хуулийн 8.1-д заасан тархвар зүйн судалгаа хийж, мал, амьтны шимэгчтэх өвчин /цаашид "шимэгчтэх өвчин" гэх/-ийг тандах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

21.2.Сум, дүүргийн шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг мал эмнэлгийн тасгийн саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр батална. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.3.Энэ хуулийн 21.2-т заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэх үед малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч доор дурдсан үүрэг хүлээнэ:

21.3.1.энэ хуулийн 21.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан шимэгчтэх өвчинд мэдрэмтгий мал, амьтныг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс тогтоосон хугацаанд бэлэн байлгаж, бүрэн хамруулах;

21.3.2.энэ хуулийн 9.8.2-т заасан үүргийг биелүүлэх.

21.4.Шимэгчтэх өвчний тархалт, халдварлалтын байдал улсын эдийн засаг, нийтийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд хүрсэн талаар мал эмнэлгийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын зөвлөмж болон энэ хуулийн 28.9-д заасан мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн тухайн өвчинтэй тэмцэх төлөвлөгөөг боловсруулж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжилтийг зохион байгуулна.

21.5.Шимэгчтэх өвчнийг тандах судалгааны хуудас болон шимэгчтэх өвчинтэй тэмцэх зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

21.6.Шимэгчтэх өвчнийг тандах судалгааны дүн, энэ хуулийн 21.2, 21.4-т заасан төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг мал эмнэлгийн тасаг нэгтгэж, дараа оны 01 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.