23 дугаар зүйл. Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, хяналтад авах арга хэмжээ
23.1.Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин /цаашид "зооноз өвчин" гэх/-тэй тэмцэх, хяналтад авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаархи энэ хуулийн зохицуулалт нэгэн адил үйлчилнэ.
23.2.Зооноз өвчнөөс нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "хамтарсан зөвлөл" гэх/-ийг эрүүл мэндийн болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд байгуулж, ажиллах журмыг хамтран батална.
23.3.Зооноз өвчнийг хяналтад авах стратеги төлөвлөгөөг эрүүл мэндийн болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга хамтран батална.
23.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хуулийн 11.1.2-т заасны дагуу, энэ хуулийн 23.2-т заасан хамтарсан зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
23.5.Зооноз өвчний халдвар авах эрсдэл бүхий иргэдэд тухайн өвчний талаар мэдлэг олгох сургалтыг мал эмнэлгийн болон эрүүл мэндийн бүх шатны байгууллага хамтран зохион байгуулна.
23.6.Хот, суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бус түүхий эдийн худалдаа эрхлэх байршлыг тухайн шатны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Засаг дарга тогтооно. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
23.7.Энэ хуулийн 23.6-д заасан байршилд худалдаа эрхлэхэд тавигдах мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.