27 дугаар зүйл. Мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах
27.1.Нийтийн хэрэгцээний зориулалтаар мал төхөөрөх цэг, үйлдвэрт дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
27.1.1.гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь байр, орчинд халдваргүйтгэл хийх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангуулах;
27.1.2.мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь мал төхөөрөхийн өмнөх болон дараахь үзлэг хийх. /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан үйл ажиллагааны үр дүн, 7.4.2-т заасан баримт нотолгоог үндэслэн үзлэг хийсэн албан тушаалтан түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгоно.
27.3.Энэ хуулийн 29.1, 29.3-т заасан лаборатори мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийг стандартад заасан аргачлалын дагуу шинжилж тогтооно. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.4.Иргэн, хуулийн этгээд хадгалалт, тээвэрлэлтийн явцад мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гадна байдалд өөрчлөлт орж, шинэлэг байдлаа алдсан, эсхүл бохирдсон бол худалдахаас өмнө лабораторийн магадлан шинжилгээ хийлгэнэ.
27.5.Магадлан шинжилгээгээр эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан нь тогтоогдвол мал, амьтны гаралтай хүнсний түүхий эдэд шинжилгээ хийсэн лаборатори магадлан шинжилгээний гэрчилгээ олгоно.
27.6.Энэ хуулийн 27.2, 27.5-д заасан гэрчилгээний загвар, гэрчилгээ олгох зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
27.7.мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч энэ хуулийн 27.2-т заасан гэрчилгээгүй тээвэрлэсэн мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүнийг 14 хүртэл хоног саатуулж, мал эмнэлгийн хяналтын цэгт дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.7.1.тээвэрлэж байгаа түүхий эд, бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн хяналтын цэгт тусгайлан бэлтгэсэн агуулах, саравч, тавцанд буулгах мэдэгдэл өгөх;
27.7.2.нарийвчилсан үзлэг хийж, шаардлагатай гэж үзвэл сорьц авч мал эмнэлгийн лабораторид хүргүүлэх;
27.7.3.үзлэгийн дүн, лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтээр эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан нь тогтоогдвол мал эмнэлгийн гэрчилгээ олгох;
27.7.4.эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй нь лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон бол түүхий эд, бүтээгдэхүүн болон сав, баглаа боодол, хог, хаягдлыг зааврын дагуу мэргэжлийн байгууллагаар устгуулах;
27.7.5.тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжийг халдваргүйтгэх.
27.8.Энэ хуулийн 27.7-д заасан хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны зардлыг тухайн мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэгч иргэн, хуулийн этгээд хариуцна.
27.9.Энэ хуулийн 27.7.2-т заасан сорьц хүлээн авсан лаборатори долоо хоногт багтаан шинжилгээ хийж, дүгнэлтээ сорьц ирүүлсэн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.10.Мал, амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1.2 дахь заалтыг дагаж мөрдөнө.
27.11.Үйлдвэр, цехэд түүхий сүү нийлүүлэх, худалдах үед мөрдөх эрүүл ахуй, ариун цэврийн зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
27.12.Энэ хуулийн 27.1.2-т заасан үзлэг, шинжилгээгээр халдварт өвчний сэжиг илэрвэл сорьц авч лабораторид хүргүүлэх бөгөөд харьяалах мал эмнэлгийн тасагт нэн даруй мэдэгдэнэ.
27.13.Мэдээлэл хүлээн авсан мал эмнэлгийн тасаг энэ хуулийн 15.4-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
27.14.Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг, хорио цээрийн журам, мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгааны тэмдэг хэрэглэх журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
27.15.Хэрэглэгч нь Хүнсний тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаас гадна мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг дараахь оролцоогоор дэмжинэ:
27.15.1.эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй худалдааны төв, хүнсний дэлгүүр, битүүмжлэлгүй, хөргүүргүй тээврийн хэрэгсэл, зах, лангуу, мухлаг болон ил задгай газар худалдаалагдаж байгаа мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх;
27.15.2.энэ хуулийн 27.2, 27.5, 27.7.3-т заасан гэрчилгээгүй бүтээгдэхүүн худалдан авах, тээвэрлэх, зөөвөрлөхгүй байх;
27.15.3.энэ хуулийн 27.15.1, 27.15.2-т заасан зөрчлийн талаар харьяалах мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх.
МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО