28 дугаар зүйл. Мал эмнэлгийн салбарын байгууллага
28.1.Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо нь улсын хэмжээнд мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, лаборатори, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллага, аймаг, нийслэлд мал эмнэлгийн байгууллага, лаборатори, сум, дүүрэгт мал эмнэлгийн тасаг, лаборатори болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс бүрдэнэ.
28.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эдийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангах, хүн амыг зооноз өвчний эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж, хяналт тавина.
28.3.Энэ хуулийн 28.2-т заасан байгууллага харьяандаа мал эмнэлгийн судалгаа, шинжилгээ, оношилгоо, эрүүл ахуй, ариун цэвэр, сорилт, баталгаажуулалтын лаборатори ажиллуулж болно.
28.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мал эмнэлгийн салбарын бүх шатны байгууллага, лаборатори, мал эмнэлгийн тасаг болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллана.
28.5.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мал эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, худалдааны чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагатай үйл ажиллагаагаа уялдуулж хамтран ажиллана.
28.6.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга бөгөөд ерөнхий малын эмч нь мал эмнэл зүйн чиглэлээр магистраас доошгүй боловсролын зэрэгтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан малын эмч байна.
28.7.Мал эмнэлгийн бүх шатны төрийн байгууллагын удирдах албан тушаалтныг доор дурдсанаар томилж, чөлөөлнө:
28.7.1.мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг Засгийн газар;
28.7.2.энэ хуулийн 28.3-т заасан байгууллагын захирлыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагын даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга;
28.7.3.мал эмнэлгийн тасгийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагын дарга.
28.8.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага, мал эмнэлгийн тасгийн бүтцийг Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, энэ хуулийн 28.3-т заасан байгууллагын бүтцийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
28.9.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд мал, амьтны эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зөвлөх үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана.
28.10.Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28.11.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд мал, амьтны эмийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хянах үүрэг бүхий орон тооны бус малын эмийн салбар зөвлөл, фармакопейн хороо ажиллана. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
28.12.Малын эмийн салбар зөвлөл болон фармакопейн хороог мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий ажилтан мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ажиллана. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
28.13.Малын эмийн салбар зөвлөл болон фармакопейн хорооны ажиллах журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./