30 дугаар зүйл. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаа

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

30 дугаар зүйл. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаа

30.1.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл бүхий малын эмчтэй, стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмжтэй, мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээд байна.

30.2.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйлчилгээний хүрээнээс хамаарч дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

30.2.1.бүх төрлийн мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, халдварт өвчинтэй тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйлчилгээ эрхлэх бол ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээний;

30.2.2.тодорхой төрлийн мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, халдварт өвчинтэй тэмцэх, тухайн төрлийн мал, амьтны гаралтай түүхий эдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйлчилгээ эрхлэх бол төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний;

30.2.3.мал эмнэлгийн тодорхой мэргэшлээр дагнан явуулын болон суурин үйлчилгээ үзүүлэх бол тусгай мэргэшлийн тусламж, үйлчилгээний.

30.3.Энэ хуулийн 30.2-т заасан мал эмнэлгийн үйлчилгээний төрөл тус бүрээр үйл ажиллагааны стандартыг стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

30.4.Итгэмжлэлтэй малын эмч дангаараа, эсхүл итгэмжлэлтэй малын эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан хуулийн этгээд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж байгуулж, харьяалах аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад бүртгүүлснээр мэргэжлийн үйлчилгээ эрхлэх эрхтэй болно.

30.5.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага шинээр байгуулах болон шинэчлэн зохион байгуулагдаж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүртгэхдээ дараахь бичиг баримтыг үндэслэнэ:

30.5.1.энэ хуулийн 30.2.1-д заасан нэгжид ажиллах итгэмжлэлтэй малын эмч тухайн сумын байнгын оршин суугч болохыг нотолсон Засаг даргын тодорхойлолт;

30.5.2.үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө;

30.5.3.энэ хуулийн 30.3-т заасан холбогдох стандартыг хангасан талаар харьяалах мал эмнэлгийн тасгийн дүгнэлт гаргуулсан байх.

30.6.Энэ хуулийн 30.2.3-т заасан үйл ажиллагааны чиглэлээр мал эмнэлгийн үйлчилгээний нэгж байгуулах тохиолдолд энэ хуулийн 30.5.1 дэх заалт, 30.9 дэх хэсэг хамаарахгүй.

30.7.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүртгүүлэх хүсэлт хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан шийдвэрлэнэ.

30.8.Хүсэлт гаргасан этгээд энэ хуулийн 30.5-д заасан шаардлагыг хангасан тухай нотлох баримтыг үнэн зөв, бүрэн ирүүлсэн бол аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага бүртгэхээс татгалзах эрхгүй.

30.9.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж өөрийн байршиж байгаа сум, дүүргийн нутаг дэвсгэрээс өөр нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээ үзүүлэх мал эмнэлгийн тасагт хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлнэ.

30.10.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч тухайн нутаг дэвсгэрт байнга болон түр хугацаагаар үйлчилгээ үзүүлж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг өөрөө сонгон үйлчлүүлэх эрхтэй.

30.11.Боловсролын байгууллага болон бусад хуулийн этгээдийн харьяанд сургалтын зориулалттай үйл ажиллагаа эрхэлдэг мал эмнэлгийн үйлчилгээний нэгж энэ хуулийн 30.7-д зааснаар бүртгүүлээгүй бол нийтэд үйлчлэх эрхгүй.

30.12.Сум, дүүргийн Засаг дарга, мал эмнэлгийн тасаг, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж энэ хуулийн 28.2-т заасан байгууллагын даргын баталсан загварын дагуу гурвалсан гэрээ байгуулж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх мал эмнэлгийн үйлчилгээг гүйцэтгүүлнэ.

30.13.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

30.13.1.мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхдээ холбогдох стандарт, техникийн зохицуулалт, журам, зааврыг дагаж мөрдөх;

30.13.2.мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах;

30.13.3.мал эмнэлгийн үйлчилгээний тайлан, мэдээг хууль тогтоомжид заасан хугацаанд гаргаж, мал эмнэлгийн тасагт хүргүүлэх.

30.14.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн талаархи мэдээллийн сан бүрдүүлж, жил бүр шинэчлэн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

30.15.Мал эмнэлгийн үйлчилгээний технологийн мөрдөлтөд мал эмнэлгийн тасаг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрээр хяналт тавьж, тайланг хагас жил тутам аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагад хүргүүлнэ.

30.16.Хяналт, шалгалтын үр дүн, зөрчлийн талаархи мэдээллийг үйлчлүүлэгчид хүргэх ажлыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага харьяалах мал эмнэлгийн тасагтай хамтран зохион байгуулна.

30.17.Дараахь тохиолдолд аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг бүртгэлээс хасаж, энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

30.17.1.энэ хуулийн 30.5-д заасан шаардлагыг бүрэн хангахгүй болсон;

30.17.2.мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ гэрээний биелэлттэй холбоотой зөрчлийг давтан гаргасныг мал эмнэлгийн тасаг тогтоосон;

30.17.3.хоёроос дээш жил мал эмнэлгийн үйлчилгээ эрхлээгүй.

30.18.Мал эмнэлгийн үйлчилгээнд хяналт тавих, үр дүнг мэдээлэх журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30.19.Малын эмчийн мэргэжилтэй гадаадын иргэнийг тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлтэй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж гэрээгээр ажиллуулж болно.

30.20.Төгсөлтийн дараахь үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам, малын эмч, мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

30.21.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид ажиллах техникийн ажилтан нь мэргэжлийн үнэмлэхтэй байх бөгөөд мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, халдварт өвчинтэй тэмцэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд малын эмчийн удирдамж, зааврын дагуу оролцоно.

30.22.Мал эмнэлгийн техникийн ажилтан бие даасан үйл ажиллагаа явуулах эрхгүй.

30.23.Энэ хуулийн 28.2-т заасан байгууллага мал эмнэлгийн арга хэмжээний норматив тогтоох, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах, малын эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.