33 дугаар зүйл. Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ

33.1.Мал эмнэлгийн үйлчилгээний дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

33.1.1.энэ хуулийн 7.14-т заасан хяналтын цэгийн үйл ажиллагааны зардал;

33.1.2.энэ хуулийн 11.1.1-д заасан жагсаалтад орсон халдварт өвчинтэй тэмцэх, устгах арга хэмжээний зардал:

33.1.2.1.вакцин, оношлуур, халдваргүйтгэлийн бэлдмэл, хамгаалах хувцас, хэрэгслийн үнэ;

33.1.2.2.тандалт, судалгаа, лабораторийн шинжилгээ, дархлаажуулалт хийх, мэдээллийн сан бүрдүүлж ажиллуулах үйл ажиллагааны зардал;

33.1.2.3.эмнэл зүйн үзлэг, тарилга, халдваргүйтгэл хийх, лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах болон мал эмнэлгийн бусад үйлчилгээний хөлс;

33.1.2.4.зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр. /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.1.3.халдварт болон шимэгчтэх өвчнийг тандах, эрт илрүүлэхэд шаардагдах үйл ажиллагааны зардал, эмнэл зүйн үзлэг хийх, лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах үйлчилгээний хөлс, оношлуурын үнэ:

33.1.3.1.шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчин;

33.1.3.2.энэ хуулийн 21.4-т заасан шимэгчтэх өвчин.

33.1.4.эмийн сорилт хийхэд ашиглагдах омог сэргээх, энэ хуулийн 4.1.13-т заасны дагуу ийлдсийн сан бүрдүүлэх, тэдгээрийг хадгалах, ашиглахад шаардагдах зардал;

33.1.5.гоц халдварт өвчин гарсан үед энэ хуулийн 19.1, 19.3-т заасны дагуу байгуулагдсан мэргэжлийн баг, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд дайчлагдан ажилласан малын эмч, мэргэжилтэн, албан хаагч, иргэдэд олгох дараахь зардал:

33.1.5.1.ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлсэн томилолтын зардал;

33.1.5.2.албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан иргэний ар гэрт олгох 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж.

33.2.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив, улсын төсөвт байгууллагатай шууд гэрээ байгуулах хэлбэрээр эм, худалдан авах үнэ тарифыг төсөв, санхүүгийн болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.3.Энэ хуулийн 33.1.2.4, 34.2.2.2-т заасан нөхөн төлбөр олгоход баримтлах жишиг үнийг статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.

33.4.Улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцох судалгааг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийнэ.

33.5.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага доор дурдсан үйл ажиллагааны санхүүжилтийг дараахь төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэнэ:

33.5.1.энэ хуулийн 23.3-т заасан стратеги төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай;

33.5.2.энэ хуулийн 15.5.2-т заасны дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.