7 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэх

МАЛ, АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэх

7.1.Малчин, амьтан маллагч нь мал, амьтан маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэхдээ мал, амьтны тавлаг байдлыг хангаж, хашаа, байр, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэврийн нийтлэг зааврыг дагаж мөрдөнө. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

7.3.Орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд доор дурдсан этгээд дараахь үүргийг хүлээнэ:

7.3.1.мал, амьтан өмчлөгч малын эмчийн зааварчилгааны дагуу өвөлжөө, хаваржаа болон эрчимжсэн мал аж ахуйн байрны ойр орчимд мал, амьтны хүүр, сэг зэм, биологийн хаягдал устгах зориулалтын цэг барьж ашиглах;

7.3.2.малчин, амьтан маллагч нь хашаа, байрны ойр орчимд болон ашиглаж байгаа бэлчээрт энэ хуулийн 7.3.3-т зааснаас бусад шалтгаанаар үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах;

7.3.3.сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ гамшгийн улмаас хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах, бэлчээр, уст цэг, үерийн жалга, усны эх булгийг цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулах;

7.3.4.гудамж, талбай, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн газар үхсэн мал, амьтны талаархи иргэн, байгууллагаас мэдээлэл хүлээн авсан харьяалах хорооны Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж /цаашид "гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж" гэх/-тэй хамтран цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх, шаардлагатай үед сорьц авч лабораторид хүргүүлэх;

7.3.5.хот, суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан маллаж байгаа иргэн, хуулийн этгээд Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.8-д заасан үүрэг хүлээх;

7.3.6.мал, амьтан үхсэн бол хашаа, байр, орчныг халдваргүйтгэх ажлыг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж гүйцэтгэх.

7.4.Мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

7.4.1.мал, амьтан өмчлөгч мал, амьтнаа ялган тэмдэглэж, бүртгэл хөтлөх;

7.4.2.нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.4.3.өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх.

7.5.Мал эмнэлгийн гэрчилгээ олгохдоо гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянана:

7.5.1.халдварт өвчингүй, тайван бүс, нутагт маллаж байсан эсэх;

7.5.2.халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай дархлаажуулалтад хамрагдсан эсэх;

7.5.3.тухайн мал, амьтанд халдварт өвчний ерөнхий болон өвөрмөц шинж тэмдэг илэрсэн эсэх;

7.5.4.хүнсэнд хэрэглэх мал, амьтанд эм хэрэглэснээс хойших хориглох хугацаа өнгөрсөн эсэх;

7.5.5.энэ хуулийн 7.4.1-д заасны дагуу ялган тэмдэглэгээ, бүртгэл хийгдсэн эсэх.

7.6.Энэ хуулийн 7.14, 7.15-д заасан хяналтын цэгт ажиллаж байгаа мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч дараахь тохиолдолд дүгнэлт гаргаж, мал, амьтныг 14 хоногоос доошгүй хугацаанд хорио цээрийн хяналтад авна: /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.6.1.мал эмнэлгийн гэрчилгээ аваагүй;

7.6.2.халдварт өвчний сэжиг илэрсэн мал, амьтныг шилжилт хөдөлгөөний үед илрүүлсэн;

7.6.3.халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулан зарласан бүс, нутаг, хамгаалалттай аж ахуйд нэвтрүүлэх тохиолдолд. /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.7.Энэ хуулийн 7.6-д заасан хугацаанд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

7.7.1.иргэн, хуулийн этгээд тээвэрлэж, тууварлаж, унаж, эдэлж яваа мал, амьтнаа мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын талбайд тусгайлан бэлтгэсэн хашаа, байранд оруулах;

7.7.2.мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч эмнэл зүйн үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд сорьц авч холбогдох мал эмнэлгийн лабораторид хүргүүлэх; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.7.3.сорьц хүлээн авсан лаборатори шинжилгээний дүгнэлтийг долоо хоногийн хугацаанд багтаан харьяалах хяналтын цэгт хүргүүлэх;

7.7.4.мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, сум, дүүргийн тархвар зүйч энэ хуулийн 7.5.1, 7.5.2-т заасан нөхцөлийг хангаж байгаа эсэхийг магадлах; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.7.5.мал, амьтанд халдварт өвчин оношлогдоогүй бол мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч мал эмнэлгийн гэрчилгээ олгож, хорио цээрийн хяналтыг цуцлах; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.7.6.мал, амьтанд халдварт өвчин оношлогдсон бол энэ хуулийн 11.2-т заасан зааврын дагуу эмчлэх, төхөөрөх, эсхүл устгах;

/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.8.Энэ хуулийн 7.7-д заасан үйл ажиллагааны зардлыг мал, амьтныг тээвэрлэж, тууварлаж, унаж, эдэлж байгаа иргэн, хуулийн этгээд хариуцна.

7.9.Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам болон мах бэлтгэл, отор, нүүдлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэлийг Засгийн газар батална.

7.10.Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

7.11.Гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж бусад сум, дүүргийн нутаг дэвсгэрт оторлох мал сүрэгт эмнэл зүйн үзлэг хийж, энэ хуулийн 7.5.1-7.5.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар эрүүл мэндийн тодорхойлолт гаргана.

7.12.Мал, амьтны шилжилт хөдөлгөөнд дараахь үйл ажиллагааг хориглоно:

7.12.1.гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид урьдчилан мэдэгдэхгүйгээр бусад сум, дүүргээс мал, амьтан шилжүүлэн авах;

7.12.2.аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын хамтарсан шийдвэрээр отор, эсхүл нүүлгэн шилжүүлэлт хийхээс бусад тохиолдолд энэ хуулийн 7.4.1-д заасан ялган тэмдэглэгээ, бүртгэл хийгдээгүй мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш тээвэрлэх, тууварлах, уналга, эдэлгээнд ашиглах; /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.12.3.мал, амьтныг хяналтын цэгт шалгуулахгүй өнгөрөх, эсхүл тогтоосон замаас өөр замаар тээвэрлэх, тууварлах, уналга, эдэлгээнд ашиглах;

7.12.4.энэ хуулийн 17.2, 18.3-т заасны дагуу хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс хооронд мал, амьтан тууварлах, тээвэрлэх.

7.13.Мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэл хийх болон мал, амьтны хүүр, сэг зэм устгах зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

7.14.Халдварт өвчингүй, тайван бүс, нутагт нэвтэрч байгаа улсын чанартай авто замыг түшиглэсэн байнгын ажиллагаатай мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийг Засгийн газрын шийдвэрээр байгуулна.

7.15.Аймаг, Нийслэлийн иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Засаг даргын шийдвэрээр түр, эсхүл байнгын ажиллагаатай мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулж болно. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.16.Энэ хуулийн 7.15-д заасан хяналтын цэгийн үйл ажиллагааны зардлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.