8 дугаар зүйл. Тархвар зүйн судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх
8.1.Тархвар зүйн судалгааны хуудасны загвар, судалгаа хийх төлөвлөгөөг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан тархвар зүйн судалгааны хүрээнд сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг /цаашид "мал эмнэлгийн тасаг" гэх/ дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
8.2.1.энэ хуулийн 8.1-д заасан хуудас ашиглан мэдээлэл цуглуулах;
8.2.2.шаардлагатай статистикийн мэдээллийг харьяалах нутгийн захиргааны байгууллагаас гаргуулан авах;
8.2.3.мал эмнэлгийн үзлэг, лабораторийн шинжилгээ хийлгэх ажил зохион байгуулах;
8.2.4.судалгааны дүнд тулгуурлан сум, дүүргийн тархвар зүйн зураглал гаргах, холбогдох мэдээллийг халдварт өвчин гарсан үед өдөр тутам, халдварт өвчингүй, тайван үед энэ хуулийн 8.1-д заасан төлөвлөгөөний дагуу улирал тутам харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлэх.
8.3.Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага халдварт өвчин гарсан үед мал эмнэлгийн тасгаас ирүүлсэн мэдээллийг тухай бүр, энэ хуулийн 8.1-д заасан төлөвлөгөөний дагуу ирүүлсэн улирал тутмын мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн нутаг дэвсгэрийн тархвар зүйн зураглал гаргаж, мал эмнэлгийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
8.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 8.3-т заасны дагуу хүлээн авсан мэдээллийг нэгтгэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, улсын тархвар зүйн зураглал гаргана.
8.5.Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах журмыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.6.Энэ хуулийн 8.4-т заасан мэдээллийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталгаажуулахаас өмнө нийтэд мэдээлэх, бусдад дамжуулахыг хориглоно.