9 дугаар зүйл. Дархлаажуулалтын ажил зохион байгуулах
9.1.Энэ хуулийн 6.4-т заасан дархлаажуулалтыг төлөвлөгөөт болон яаралтай хэлбэрээр зохион байгуулна.
9.2.Эрсдэл ихтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараа онд хийгдэх төлөвлөгөөт дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөөг жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан энэ хуулийн 28.9-д заасан зөвлөлөөр хэлэлцүүлж, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
9.3.Яаралтай дархлаажуулалтын төлөвлөгөөг тархвар зүйн судалгаа болон лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн гоц халдварт өвчний үед мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, бусад халдварт өвчний үед аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагын дарга батална.
9.4.Дархлаажуулалтын товыг мал эмнэлгийн тасаг тогтоож, баг, хорооны Засаг дарга малчин, амьтан маллагчид зарлан мэдээлнэ.
9.5.Дархлаажуулалтыг гэрээт, эсхүл дайчлагдан ажиллаж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгж холбогдох заавар, журмын дагуу хийнэ.
9.6.Дархлаажуулалтыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага болон мал эмнэлгийн тасаг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
9.8.Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч дархлаажуулалт хийх үед дараахь үүрэг хүлээнэ:
9.8.1.товлосон хугацаанд мал, амьтныг бэлэн байлгаж, бүрэн хамруулах;
9.8.2.мал, амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх, малын эмчийн аюулгүй байдлыг хангах.
9.9.Дархлаажуулалтын гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна.