5 дугаар зүйл. Малын генетик нөөцийн бүртгэл

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Малын генетик нөөцийн бүртгэл

5.1.Малын генетик нөөцийн бүртгэл дараахь хэлбэртэй байна:

5.1.1.малын бүртгэл;

5.1.2.үржүүлгийн бүтээгдэхүүний бүртгэл;

5.1.3.малын удам зүйн үнэлгээний бүртгэл;

5.1.4.малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийн бүртгэл.

5.2.Малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж, бүртгэнэ.

5.3.Энэ хуулийн 5.1.1-д заасан бүртгэлд мал үржүүлэгч этгээдийн нэр, хаяг, улсын бүртгэлийн дугаар, малын байршил, төрөл, удам гарваль, нас, хүйс, үүлдэрлэг байдал, өсөлт, хөгжилт, сүргийн нөхөн үйлдвэрлэл, ашиг шимийн гарц, чанар, эрүүл мэндийн үзүүлэлт, маллагааны арга хэлбэр, шилжилт хөдөлгөөн, шаардлагатай бусад мэдээллийг хамааруулна.

5.4.Малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, малаа даатгалд хамруулах, барьцаалж зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд энэ хуулийн 5.1.1-д заасан бүртгэлийг үндэслэнэ.

5.5.Энэ хуулийн 5.1.1, 5.1.4-т заасан бүртгэлийг энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж, малчин, мал бүхий этгээд, мал бүхий хуулийн этгээдтэй хамтран хийж, сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасаг хариуцан энэ хуулийн 16.8-д заасан байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

5.6.Энэ хуулийн 5.1.2-т заасан бүртгэлд үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл зүйл, хэлбэр, тоо хэмжээ, чанарын үзүүлэлт, үйлдвэрлэгдсэн огноо, үйлдвэрлэгчийн байршил, улсын бүртгэлийн дугаар, ашиглалтын төлөв байдлын бүртгэлийг хамааруулах ба энэ хуулийн 15.1-д заасан байгууллага бүртгэлийг хариуцан гүйцэтгэнэ.

5.7.Малын генетик нөөцийн мэдээллийг нэгтгэх, ашиглах, хянах, олон улсын болон бүс нутгийн мэдээллийн сүлжээтэй мэдээлэл солилцох, хэрэглэгчийг мэдээллээр хангах үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан (цаашид "нэгдсэн сан" гэх)-гийн үйл ажиллагааг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж хариуцна.

5.8.Энэ хуулийн 5.7-д заасан нэгдсэн санг бүрдүүлэх, тайлагнах журмыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага статистикийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран батална.

5.9.Энэ хуулийн 5.1.1, 5.1.3-т заасан бүртгэлийн журам, малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг бүртгэх үйл ажиллагааны аргачлалыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.