6 дугаар зүйл. Малын удам зүйн үнэлгээ
6.1.Малын удам зүйн үнэлгээнд үржлийн малын удам гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанар, геномын өвөрмөц тогтцын үзүүлэлт хамаарна.
6.2.Удам зүйн үнэлгээг энэ хуулийн 15.1-д заасан байгууллага, салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж нь технологийн арга зүй, аргачлал, зааврын дагуу хийнэ.
6.3.Энэ хуулийн 6.1-д заасан үнэлгээнд хамрагдсан малыг хувийн дугаараар ялган тэмдэглэнэ.
6.4.Үржлийн малын удам гарваль, ашиг шим, зүс, галбир, бие цогцос, үр төлийн чанарын үнэлгээг энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж, малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдтэй хамтран гүйцэтгэж, бүртгэл хөтөлнө.
6.5.Малын геномын өвөрмөц тогтцын үзүүлэлтийг тодорхойлох молекул генетикийн шинжилгээг энэ хуулийн 15.1-д заасан байгууллага, салбарын сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, лавлагаа лаборатори тус тус хийж, энэ тухай бүртгэл хөтөлнө.
6.6.Энэ хуулийн 6.4, 6.5-д заасан бүртгэлийн мэдээллийг хариуцагч тухай бүр нэгдсэн санд хүргүүлнэ.
6.7.Удам зүйн үнэлгээ болон үржил селекцийн ажлын хүрсэн түвшний хянан магадлагаанд үндэслэн үржлийн малыг үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог /цаашид "үүлдэр, омог" гэх/-оор баталгаажуулна.
6.8.Монгол Улсад хоёр болон түүнээс дээш үе үржүүлсэн үүлдрийн малыг нутагшсан үүлдрээр хянан баталгаажуулж болно.
6.9.Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам, энэ хуулийн 6.2-т заасан зааврыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.10.Энэ хуулийн 6.7, 6.8-д заасан үнэлгээ, хянан магадлагаа хийх, баталгаажуулах ажлыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилсон ажлын хэсэг гүйцэтгэнэ.
6.11.Малд удам зүйн үнэлгээ хийх, мэдээллийг нэгтгэн баталгаажуулах, малын үүлдэр, ашиг шимийн стандартыг мөрдүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага удирдлага, зохион байгуулалтаар хангана.