7 дугаар зүйл. Малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох
7.1.Малын генетик нөөцийн төлөв байдлыг олон улсын мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зааврын дагуу гурван жил тутам малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон мэргэшсэн шинжээчийн баг тодорхойлно.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан шинжээчийн баг малын генетик нөөцийн төлөв байдлын тайланг Үндэсний зөвлөлдөх хороогоор хэлэлцүүлж, гарсан дүгнэлтийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
7.3.Засгийн газар малын генетик нөөцийн төлөв байдлын үндэсний тайланг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлнэ.
7.4.Бүс нутгийн болон олон улсын түвшинд Монгол Улсын малын генетик нөөцийн асуудлыг хариуцах орон тооны Үндэсний зохицуулагч малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд байх бөгөөд энэ нь Ерөнхий мал зүйч байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ АШИГЛАХ, СУДЛАН ХӨГЖҮҮЛЭХ