8 дугаар зүйл. Малын генетик нөөцийг ашиглах

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Малын генетик нөөцийг ашиглах

8.1.Малын генетик нөөцийг дараахь зориулалтаар ашиглаж, судлан хөгжүүлнэ:

8.1.1.малын үүлдэрлэг байдлыг батжуулан сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх;

8.1.2.бүс нутгийн онцлогт дасан зохицсон малын шинэ үүлдэр, омог бий болгох;

8.1.3.малын эрсдэл даах чадавхыг бататган бэхжүүлэх;

8.1.4.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх;

8.1.5.мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

8.1.6.тэжээллэг, аюулгүй хүнс үйлдвэрлэж, нийлүүлэх;

8.1.7.малын ашиг шим, түүхий эдийн чанарын шинжилгээ, үнэлгээ хийж, үндэсний үйлдвэр, зах зээлд чанартай түүхий эд нийлүүлэх;

8.1.8.мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэ болон чанартай уялдуулан хөгжүүлж, үнэ цэнийн сүлжээ бий болгох;

8.1.9.генетик нөөцийн биет болон биет бус үнэлгээг хийлгэх, эдийн засгийн эргэлтэд оруулж үр шим, ашиг хүртэх;

8.1.10.бусад.

8.2.Малын төрөл, ашиг шимийн чиглэл, үүлдэр, омгийн онцлогийг харгалзан сүргийн зохистой бүтэц, харьцааг хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгаж зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.3.Малын генетик нөөцийг ашиглахад малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараахь эрх эдэлнэ:

8.3.1.генетик нөөц ашигласны үр шимийг хүртэх;

8.3.2.энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжийг сонгон мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ авах;

8.3.3.энэ хуулийн 13.4-т заасан урамшуулал авах;

8.3.4.баталгаажсан цөм сүргээс үржлийн мал бойжуулах, борлуулах;

8.3.5.энэ хуулийн 13.2-т заасан бүс нутагт зөвшөөрөгдсөн малын төрөл, үүлдэр, омгоос хээлтүүлэгч сонгон үржилд ашиглах;

8.3.6.бэлчээр, ус, хужир марааг зөв зохистой ашиглах.

8.4.Малын генетик нөөцийг ашиглахад малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

8.4.1.тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн үүлдэр, омгийн хээлтүүлэгчийг ашиглах, малыг сонгон үржүүлэхдээ ашиг шимийн чиглэлийг дур мэдэн өөрчлөхгүй, эрх бүхий мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр үүлдрийн малыг сайжруулагчаар ашиглахгүй байх;

8.4.2.үр, хөврөлийг энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжийн хяналтын доор ашиглах;

8.4.3.бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус улиралд эх сүргээс тусгаарлаж, энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжид ялган төвлөрүүлэх, зөвхөн үржлийн насны малыг нийлүүлэгт оруулах;

8.4.4.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний жишиг үнээр тогтоосон зардлыг хариуцах;

8.4.5.мал сүрэгт үзлэг, ангилалтыг технологийн зохистой хугацаанд жил бүр хийлгэж, ашиг шимт чанарыг үнэлүүлэх, баталгаажуулах, үржлийн малын удам гарваль, ашиг шимийн бүртгэл хөтлөх, стандартын шаардлагад тэнцэхгүй хээлтүүлэгчийг үржлээс хасах;

8.4.6.малын генетик нөөцийг тогтвортой ашиглахтай холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг биелүүлэх;

8.4.7.үржлийн малын удам гарвалийн гэрчилгээ болон шилжилт хөдөлгөөний тодорхойлолтыг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгаас авах;

8.4.8.малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэгийг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх, түгээн дэлгэрүүлэх;

8.4.9.холбогдох журам, зааврын дагуу малыг ялган тэмдэглэх, сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн нэгдсэн бүртгэлд хамруулах.

8.5.Үүлдэр, омог бүрээс цөм сүрэг бүрдүүлнэ. Цөм сүргийг бүрдүүлэхэд өмчийн хэлбэр харгалзахгүй.

8.6.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд малын үүлдэр ашиг шимийн орон тооны бус зөвлөлийг байгуулж болно.

8.7.Малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгоно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.8.Энэ хуулийн 8.7-д заасан гэрчилгээ, баталгааны тэмдэг олгох, хэрэглэх болон малчин өрхийг үндэсний үйлдвэрлэгчээр бүртгэх журмыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.9.Малчин өрх мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулахдаа энэ хуулийн 8.8-д заасан журмын дагуу баталгааны тэмдэг хэрэглэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.