14 дугаар зүйл. Тохирлын баталгаа

СТАНДАРТЧИЛАЛ, ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Тохирлын баталгаа

14.1.Тохирлын баталгаа нь тохирлын гэрчилгээ болон нийлүүлэгчийн мэдэгдэл хэлбэртэй байна.

14.2.Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон тохирлын болон түүнтэй адилтгах тэмдэг, гэрчилгээг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн зөвшөөрнө.

14.3.Тохирлын гэрчилгээг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага олгоно.

14.4.Тохирлын гэрчилгээ нь Монгол Улсад болон Монгол Улсаас олон улс, бүс нутгийн байгууллага, худалдааны түнш орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрээр тохирсон улс орнуудад хүчин төгөлдөр байна.

14.5.Нийлүүлэгчийн мэдэгдэл гаргах журмыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

14.6.Нийлүүлэгчийн мэдэгдэл нь энэ хуулийн 14.4-т заасан тохирлын гэрчилгээний нэгэн адил хүчин төгөлдөр байна.

14.7.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 14.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн, хүчин төгөлдөр аюулгүйн тэмдэгтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспортод гаргах, импортоор оруулахад хяналт, тохирлын үнэлгээнд давтан хамруулахгүй.

14.8.Энэ хуулийн 4.1.9-д заасан аюулгүйн тэмдгийг энэ хуулийн 23.1.2-т заасны дагуу томилогдсон байгууллага олгоно.

14.9.Аюулгүйн тэмдгийн хэлбэр, хэмжээ, хэрэглэх журмыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.