15 дугаар зүйл. Тохирлын үнэлгээний байгууллага
15.1.Тохирлын үнэлгээний байгууллагад лаборатори, техникийн хяналт болон баталгаажуулалтын байгууллага хамаарна.
15.2.Тохирлын үнэлгээний байгууллага нь Монгол Улсын хуулийн этгээд байх бөгөөд холбогдох хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулна.
15.3.Тохирлын үнэлгээний байгууллага нь итгэмжлэлд хамрагдаж болно.
15.4.Энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүнд зөвхөн итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага тохирлын үнэлгээ хийнэ.
15.5.Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх бол итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлнэ.
15.6.Тохирлын үнэлгээний байгууллага дараахь эрх, үүрэгтэй:
15.6.1.тохирлын үнэлгээний үр дүнг үндэслэн тайлан гаргах, тохирлын гэрчилгээ олгох, хүчингүй болгох;
15.6.2.тохирлын үнэлгээг итгэмжлэлээр тогтоосон хүрээнд явуулах, зохион байгуулалт, харьяалал, чиглэл, техник хангамж өөрчлөгдсөн тохиолдолд итгэмжлэлийн байгууллагад мэдэгдэх;
15.6.3.итгэмжлэлийн шалгуурыг байнга, тогтвортой хангах, зохих дүрэм, журмыг мөрдөх;
15.6.4.тохирлын үнэлгээний ажилд холбогдох мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах;
15.6.5.тохирлын үнэлгээний дүн, илэрсэн зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдээлэх;
15.6.6.итгэмжлэлийн нэр хүндийг зүй бусаар ашиглахгүй байх.
15.7.Энэ хуулийн 15.4, 15.5-д заасныг зөрчиж, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
15.8.Тохирлын үнэлгээний үр дүнгээр тохирлын гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд энэ тухай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээдэд болон стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ. Мэдэгдлийг үндэслэн зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээд тухайн зөвшөөрлийг хүчингүй болгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ИТГЭМЖЛЭЛ