19 дугаар зүйл. Итгэмжлэлийн байгууллага
19.1.Итгэмжлэлийн байгууллага нь тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.
19.2.Итгэмжлэлийг энэ хуулийн 19.1-д заасан байгууллага эрхлэн гүйцэтгэх бөгөөд итгэмжлэлийн байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
19.3.Итгэмжлэлийн байгууллага итгэмжлэлийн бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд дараахь бүрэн эрхтэй:
19.3.1.тохирлын үнэлгээний байгууллагын чадавхыг тогтоох, итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
19.3.2.итгэмжлэлийн шинжээчид тавих шаардлагыг тогтоох, шинжээч сонгон шалгаруулах, шинжээчийн эрх олгох, цуцлах;
19.3.3.итгэмжлэлийн лавлагаа, мэдээллийн улсын нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх;
19.3.4.холбогдох дүрэм, журам, заавар батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
19.3.5.мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт явуулах;
19.3.6.олон улс, бүс нутгийн байгууллага, гадаад улстай итгэмжлэлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх, хэлэлцээрт нэгдэх, олон улсын байгууллагад гишүүнээр элсэх санал гаргах;
19.3.7.олон улс, бүс нутаг, гадаад улсын итгэмжлэлийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх.
19.4.Итгэмжлэлийн байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, итгэмжлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
19.5.Итгэмжлэлийн байгууллагыг гадаад, дотоодод байгууллагын дарга төлөөлнө.