29 дугаар зүйл. Төрийн хяналт
29.1.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн төрийн хяналтыг холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, гаалийн байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
29.2.Энэ хуулийн 29.1-д заасан хяналтын байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараахь хяналтыг хэрэгжүүлнэ:
29.2.1.стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтоомж, техникийн зохицуулалтын хэрэгжилтэд хяналт тавих;
29.2.2.энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулсан эсэхэд хяналт тавих.
29.3.Энэ хуулийн 29.1-д заасан хяналтыг хэрэгжүүлэх улсын байцаагч нь стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
29.4.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний төрийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь хяналтын үр дүнг энэ хуулийн 25.1-д заасан байгууллагад жил бүр тайлагнана.
29.5.Энэ хуулийн 29.1-д заасан хяналт нь бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлснээс хойших үе шатанд хамаарна.